Saturday, February 1, 2020

ХЯТАДЫН НАМ, ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН СИ ЖҮНСЮН


Си Жүнсюн болбоос Хятадын нам, төрийн нэр цолгорсон зүтгэлтэн, БНХАУ-ын өнөөгийн удирдагч Си Жинпины эцэг, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн орлогч даргын албыг 1959-1962 онуудад хашиж байсан нэгэн.
Си Жүнсюн 1913 оны аравдугаар сарын 15 нд Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын Фүпин хошуунд мэндэлсэн. Долоо наснаас эрдмийн мөр хөөж, Хятадын уламжлалт Күнзийн суртхаалын зэрэгцээ Өрнө Дахины мэдлэгт суралцсан. 1926 оны тавдугаар сард Комсомолын байгууллагад, 1928 онд Хятадын Эв Хамт Намд гишүүнээр тус тус элссэн. 1930-аад оны үед баруун хойд Хятадад партизаны арми байгуулах үйлсэд хүчлэн зүтгэсэн.
Японтой хийсэн дайны жилүүдэд Жүнсюн Шаньси-Гансү-Нинся чиглэл дэх хилийн дагуух бүсийг батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцсон. Хятадын Эв Хамт Намын Төв Хорооны Баруун Хойд Товчооны нарийн бичгийн дарга, Баруун хойд Хятад дахь Ардын чөлөөлөх армийн улс төрийн комиссарын нэг байв.
БНХАУ байгуулагдсны дараагаар Си Жүнсюн 1950 оны нэгдүгээр сард Баруун хойд Хятадын Цэрэг-Засаг захиргааны хорооны орлогч даргаар томилогдсон бөгөөд Ардын Төв Засгийн Газрын Зөвлөл болон Сиан дахь Ардын Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн гишүүн байв. 1952 онд Сианаас Бээжин хотноо шилжин ирж, БНХАУ-ын Төрийн Захиргааны Зөвлөлийн Соёл, Гэгээрэл хариуцсан Хорооны орлогч дарга болсон байна.
1953 онд Жүнсюн Төрийн Захиргааны Зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга болсон. 1954 онд БНХАУ-ын анхдугаар үндсэн хууль боловсруулах хорооны гишүүн болж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр сонгодсон байна. 1954 оны есдүгээр сард Хурлын I чуулганаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон.
1959 оны дөрөвүгээр сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхийн нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий сайдын орлогчийн албанд тохоогдсон. Зөвлөлтийн засгийн газрын урилгаар наймдугаар сарын 27 ноос ЗСБНХУ-д айлчлах БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг ахалсан байна.
Жүнсюн 1962 онд албан ажлаасаа огцорч, үйлдвэр рүү цөлөгдсөн бөгөөд дараагаар нь дайчлан баривчлагдаж, хар гэрт хоригджээ. Дэн Сяопин засгийн эрхэнд гарснаар 1979-1981 онуудад Гуандун мужийн амбан захирагч болсон. Бээжинд эргэн ирээд Бүх Хятадын Эв Хамт Намын Байнгын хорооны орлогч дарга болсон. Бүх Дундад орны эдийн засгийн хөгжлийг батлан сахих шинэ цааз хууль боловсруулах ажлыг удирдсан. Дараа нь ХЭВН-ын Төв Хорооны чуулганаар Төв Хорооны нарийн бичгийн дарга, жилийн дараа Улс төрийн товчооны гишүүн болж, нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг хөтлөн явуулах болсон.
Си Жүнсюн 2002 оны тавдугаар сарын 24 нд 88 насандаа бие баржээ.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Sunday, March 19, 2017

ХАНС ЙОАХИМ МОРГЭНТАУ

Олон улсын харилцааны онол дахь улс төрийн реалист болон прагматик дэг сургуулийг үндэслэгч, XX зууны Америкийн гадаад улс төрийн бодлогын томоохон онолч, нэр нэндсэн улс төр судлаач болбоос Ханс Йоахим Моргэнтау (Hans Joachim Morgenthau) билээ. Түүний 1948 онд туурвисан “Үндэстнүүдийн дундах улс төрийн бодлого: Энх тайван, эрх мэдлийн төлөөх тэмцэл” (Politics Among Nations: The Struggle for Power and Peace; Политические отношения между нациями: Борьба за власть и мир) ном 25 жилийн туршид олон улсын харилцааны чиглэлээр бичигдсэн гол сурах бичигт тооцогдож байсан бөгөөд нийтдээ 20 удаа хэвлэгджээ.
Моргэнтау 1904 оны хоёрдугаар сарын 17 нд Германы Сакс-Кобург-Гото гүнлэгт орон нутгийн  Кобург нэрт хотноо еврейн ашкенази хүй элгэний гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Людовиг Моргэнтау (Ludwig Morgenthau) хатуу, зарчимч байхыг чухалчилдаг эмч нэгэн байсан бол эх нь Бамбэргийн чинээлэг худалдаачны гэр бүлээс гаралтай Фрида Бахмэнн (Freida Bachmann) гэгч байв. Айлын цорын ганц хүүхэд байсан учир эрх танхи өссөн гэдэг. Ханс Моргэнтаугийн бага, балчир нас Германид еврейн эсрэг үзэл санаа хүчтэй дэлгэрч асан цөвүүн цагт өнгөрснөөрөө онцлогтой. Тиймдээ ч нэг бус удаа еврейн эсрэг олон нийтийн үйл ажиллагаанд өртөж, бие эрхтэнээ доромжлуулж байснаа хожим Моргэнтау дурсан бичсэн байдаг. Төрөлх Кобург хотноо гүн Иоханн Казимэрийн 1605 онд үүсгэн байгуулсан гимназид суралцжээ.
Дэлхийн нэгдүгээр дайны явц дахь Герман улсын ялагдал, түүнийг дагасан нийгэм-эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор хэт инфляци үүсч, амьдрахын эрхэнд эцэг нь мах, сүү, талх, тариагаар хүмүүсийг эмчилж байсан тухай хожим Моргэнтау дурсан бичжээ. Хэдийгээр хэт инфляци бүхэл улсын хэмжээнд бий болсон ч еврей иргэдийн хувьд хүндээр туссан юм.
Зохиолч, эрдэмтэн, яруу найрагч болохыг мөрөөдөж асан Моргэнтау 1923-1927 онуудад Франкфурт болон Мюнхены Их Сургуулиудад хууль цааз, олон улсын эрх зүйн чиглэлээр суралцсан байна. 1929 онд “Олон улсын шүүн таслах үйл ажиллагааны удирдлага: Мөн чанар, онцлог” сэдвээр Франкфуртын Их Сургуульд докторын зэрэг горилж, хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхэд шүүгчээр ажиллажээ. 1932 оноос Женевийн Их Сургуульд нийтийн эрх зүйгээр багшлах болсон.
1933 онд Германид А. Хитлэр тэргүүтэй национал-социалистууд засгийн эрхэнд гарч, еврей үндэстнийг аймаглан устгах бодлого хүчээ авсан тул Испаны нийслэл Мадрид руу дайжин, 1936 он хүртэл тэндээ багшилжээ. Энд байхдаа тэрээр эхнэр Ирина Торманнтай танилцсан байна. Улмаар 1937 онд АНУ руу цагаачилжээ. 1937-1939 онуудад Бруклины Их Сургуульд, 1939-1943 онуудад Канзас Хотын Их Сургуульд, 1943-1971 онуудад Чикаго Их Сургуульд, 1975-1980 он хүртэл Нийгмийн Судалгааны Шинэ Сургуульд тус тус багшилжээ. Үүнээс гадна, 1944-1961 онуудад Чикаго хотноо байрлах Америкийн Гадаад болон Цэрэг Дайны Бодлого Судлалын Төвийн захиралаар ажилласан байна. Моргэнтау энэ бүхний зэрэгцээ Америкийн төрийн департментын бодлого төлөвлөлтийн хэлтэст зөвлөхөөр ажиллаж байжээ.
1960, 1970-аад оны үед Америкийн Зүүн-Өмнөд Азид хийж байсан цуврал дайныг Моргэнтау бодлогын алдаа гэж үзсэн байна. Харин Америкийн коммунистууд үүнийг үзэл суртлын зорилгоор ашиглаж байсан юм. Гэхдээ Моргэнтау хэзээ ч коммунист юм уу, социалист үзэлтэн байгаагүй билээ. Тэр улс төрийн бодлогын хувьд жинхэнэ реалист үзэлтэн байв.
Ханс Йоахим Моргэнтау 1980 оны долдугаар сарын 19 нд Нью-Йорк хотын Ленокс Хилл эмнэлэгт 76 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Моргэнтау юуны түрүүнд, олон улсын харилцааны үйл явцыг үнэн зөв, бодитойгоор тайлбарлах боломжтой төдийгүй улс орнуудын гадаад бодлогын үзэл баримтлалд үр дүнтэй нөлөөлж чадахуйц онол боловсруулахыг чухалчилж байв. Макиавэлли, Хоббс, Ницше тэргүүтэй сэтгэгчдийн үзэл санааны нөлөөгөөр Моргэнтау хүн, түүний мөн чанар, америк үнэт зүйл, эрх ашгийн талаарх уламжлалт ойлголтыг эрс шүүмжилсэн байна. Түүний үзсэнээр, эдгээр нь Америкийн гадаад бодлогод бусад улсын боломж, эрх ашгийг үл хүндэтгэх, улмаар идеализм, морализм, сентиментализм, неоизоляционизмд идэгдэх нөхцөлийг бий болгодог байна.
Олон улсын харилцаа, улс орнуудын гадаад бодлого 1. Олон улсын харилцааны үндсэн субьект нь хүчин чадалд суурилсан ашиг сонирхлыг илэрхийлэх үндэсний төр, улс байх ёстой: 2. Олон улсын харилцааны өдөөгч хүчин зүйл нь гадаад орчинд нөлөөллөө тогтоохын төлөөх улс орнуудын тэмцэл мөн: 3. Олон улсын харилцааны боломжит таатай орчин нь хүчний хувьд давуу үндэсний төр улс юм уу, улс орнуудын эвсэл бий болгохоос сэргийлэх явдал мөн гэсэн гурван зүйлээр тодорхойлогдоно. Ямар улс орон, хэр хүчин чадалтайгаас үл хамааран дээрх гурван зүйлд улс орнуудын гадаад бодлого тулгуурлах ёстой гэсэн санааг Моргэнтау гаргажээ. Эндээс үзвэл, олон улсын харилцааны онолын үндэс нь  хүний төрөлх мөн чанарт суурилсан улс төрийн үйл байдал мөн гэсэн дүгнэлтэд Моргэнтау хүрчээ.
Улс төрийн үзэл санааны түүх гэгч хүн, нийгэм, улс төрийн бодлогын мөн чанарын талаарх хоёр дэг сургуулийн хооронд өрнөх тэмцлийн түүх юм. Эхний дэг сургуулийн төлөөлөгчид хүний сайн сайхан төрөлх мөн чанарт итгэхийн зэрэгцээ үүн дээрээ тулгуурлан аливаа нийгмийг гэгээрэл, шинэтгэлийн замаар сайжруулж болно гэж үздэг. Энэ дэг сургуулийн өөр нэг онцлог нь улс төрийн үзэгдэл, үйл явц ёс зүйн хэм хэмжээнд хатуу захирагддаг гэж үздэгт оршино. Харин хоёр дахь дэг сургуулийг улс төрийн реализм гэх бөгөөд хүний нийгэм төгөлдөр бус шинжтэй гэж сургадаг. Аливаа нийгэм ашиг сонирхлын зөрчилдөөнд идэгдсэн байдаг. Нэгэнт хүний харилцаа ашиг сонирхлын зөрчилдөөний талбар учир эдгээрийн хооронд тэнцвэржилтийг хангахын тулд тодорхой зарчим байх хэрэгтэй. Моргэнтау нийтдээ хүн, нийгэм, улс орнуудын хоорондын харилцаанд баримтлах зургаан үндсэн зарчмыг боловсруулсан. Үүнд:
Нэгдүгээр зарчим: Улс төрийн харилцаа болзолт шинж чанартай гэдэгт эхний зарчим оршино. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа нэгдүгээрт, өөрт байгаа боломжийн хязгаарлагдмал байдлыг харгалзан үзэх, хоёрдугаарт, эсрэг этгээдийнхээ хүч, боломжийг тооцон үзэх шаардлагатай. Аливаа улс төрийн үйл ажиллагаа ямагт эрсдлийг дагуулдаг. Энэ зарчим байгууллагын дотоодод удирдлагын төлөө өрсөлдөж буй хүмүүст, засаг төр эрх мэдлийн төлөө тэмцэлдэж буй намуудад, нөлөөллөө өргөжүүлэхийг эрмэлзэгч улс орнуудад нэгэн адил хамаатай:
Хоёрдугаар зарчим: Улс төрийн үйл ажиллагаа явуулахад ашиг сонирхол ямагт хүчин чадлаар тодорхойлогдоно гэдэгт хоёр дахь зарчим оршино. Нийгэм болон олон улсын түвшинд эрх мэдлийн төлөөх тэмцэлд ашиг сонирхол ямагт өөрт бий болсон боломж, бололцоо, хүчин чадалд суурилна:
Гуравдугаар зарчим: Улс төрийн үйл ажиллагаа үзэл бодол, үнэлэмжээс ямагт ангид байх ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй гэсэн үг. Улс төрд цорын ганц удирдлага болгох зүйл нь ашиг сонирхол мөн:
Дөрөвдүгээр зарчим: Улс төрийн үйлдлийн ёс суртахууны ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөгт энэ зарчим оршино. Хэдий чинээ ёс суртахуунгүй байна, төдий хэрээр улс төрд амжилт олдог гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ ёс суртахууны ач хобогдлыг бүрэн үгүйсгэдэггүйд энэ зарчмын мөн чанар оршино. Өөрөөр хэлбэл, нийтлэг ёс суртахуун байхыг үгүйсгэх хэрнээ цаг үе, нөхцөл байдалдаа нийцүүлж ёс суртахуунлаг байх боломжийг хүлээн зөвшөөрдөг:
Тавдугаар зарчим: Нийтлэг ёс суртахууныг юм уу, тодорхой үндэстний ёс суртахууныг олон улсын харилцааны хэм хэмжээ болгож болохгүй. Үүний нэгэн адил нийгмийн харилцаанд нэг хүний үзэл бодлыг нийт хүмүүсийн гэх юм уу, эсвэл нийт хүмүүст хамаатай ерөнхий үзэл бодлын хэмжүүр бий болгож болохгүй гэдэгт энэ зарчмын мөн чанар оршино:
Зургаадугаар зарчим: Дээрх зарчмыг зөвхөн улс төрийн үйл ажиллагаанд баримтлана. Нийгмийн амьдралын бусад хүрээ, салбарт дээрх зарчмуудыг улс төрийн үйл ажиллагааны нэгэн адил баримтлах боломжгүй.
Энэ бүхнээс нэгтгэн дүгнэхэд Моргэнтау бярман Чанакья, Н. Макиавэлли, Т. Хоббс нартай харьцуулахад агуулгын хувьд шинэ үзэл санааг хөгжүүлээгүй гэж үзэж болох ч эдгээр эрдэмтдийн дэвшүүлсэн тусгаар санаануудыг “улс төрийн реализм” гэх нэг онолын хүрээнд системчилж чадсан эрдэмтэн юм.
БЭЛТГЭСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР